ТАРХИНЫ СААЖИЛТТАЙ ХҮҮХДҮҮДИЙН НЭН ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС ДААНА
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд төрийн ордны гадаа жагсаал хийж , ерөнхий сайд төлөөллийг нь өөрийн биеэр хүлээн авч , тодорхой асуудлыг шийдвэрлэнэ гэдэг амлалт өгсөн. Тэгвэл өнөөдөр засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон эцэг эхийн тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргалаа. Бүх шатны сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авах асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгасан байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгамдаж байгаа 26 асуудлыг авч хэлэлцсэнээс тархины саажилттай хүүхдүүдийн нэн шаардлагатай эмийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргалаа. Мөн хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад шаардлагатай эмүүдийг оруулж өгөх үүрэг өгсөн байна.Түүнчлэн тархины саажилттай хүүхдүүдэд хийдэг яаралтай тусламжийн хагалгааг дотоодод хийх боломж бүрдүүлэхийг ЭМЯ-ны сайд болон ГХЯ-ны сайдад үүрэг өгчээ. Эдгээрээс гадна байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг, эхийн аль нэгнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даадаг болох тухай, халамжийн тэтгэвэрг тэтгэмжийг нэмэгдүүлэг ажлыг даалгасан байна.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг сурган хүмүүүжүүлэгч, багшийн цалингийн 30 хувийн урамшууллыг тогтвортой олгох, цаашид нэмэх тал дээр анхаарна. Дархан, Дундговь зэрэг зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний төвийг барьж, ирэх есдүгээр сард ашиглалтад оруулах шийдвэрийг засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Тодруулж хэлбэл засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй , хүүхдүүд , тэдний ар гэрт тулгамддаг асуудлыг цогцоор нь шийдсэн гэж салбар хариуцсан сайдууд мэдээллээ.