ОХУ-д АИ-92 автобензин литр нь 3220 төгрөг байна
Газрын тосны томоохон нийлүүлэгч ОХУ-д АИ-92 автобензиний үнэ өнөөдрийн /2022.06.20/ валютын албан бус ханшаар тооцоход 3220 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь манайд нийлүүлэгдэж буй литр шатахууны үнээс даруй 830 төгрөгөөр илүү үнэтэй байгаа юм.
Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат хэдий ч УУХҮЯ, Роснефть компанийн хооронд хийсэн хэлцлийн үр дүнд энэ оны 4-6 дугаар сард АИ-92 автобензинийг литр тутмыг нь 2390 төгрөгөөр борлуулсан байна. Хэрэв дээрх хэлцэл хийгдээгүй бол бид АИ-92 шатахууныг нэг литрийг нь дэлхийн зах зээлийн ханшаар 3390 төгрөгөөр худалдан авч хэрэглэх байсан аж.
Гэвч нөгөө талд гадаад зах зээлд газрын тосны үнэ тасралтгүй өссөөр байна. “Brent” маркийн бүтээгдэхүүний хувьд өнгөрсөн долоо хоногт наймдугаар сард нийлүүлэгдэх нэг баррелийн үнэ 125 долларт хүрч өссөн нь гуравдугаар сарын 9-нөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Нэг баррель газрын тосны ханш нэг доллараар өсөхөд нэг тонн газрын тосны бүтээгдэхүүний үнэ 10 орчим доллараар өсдөг байна.