АН-ЫН БҮТЭЛГҮЙТСЭН “ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ” БОДЛОГЫГ МАН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хуулийн төслийг боловсруулж , УИХ-д өргөн барьж хэлэлцэхээр болсон. Энэ нь өмнө ч авч байсан арга хэмжээ юм. 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам олонх болж Шинэчлэлийн гэх тодотголтой Н.Алтанхуягийн засгийн газар бүрдэж байсан. Улмаар 2012 оны 10-р сард “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, Монголбанк гардан гүйцэтгэж байсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгч болон импортлогч компаниудад төрөөс татаас өгөх замаар үнэ буурсан.Тиймээс их зардал гаргаж үнийг буруулсан байдаг. Тухайн үед авч хэрэгжүүлж байсан арга замуудаас дурьдвал бага хүүтэй зээл олгосон, нийтдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 7,3 их наяд төгрөгийг хэвлэсэн нь төгрөгийн ханш унахад нөлөөлсөн гээд олон асуудал бий. Үндсэндээ үе үеийн засгийн газруудын хамгийн алдаатай шийдвэрийн тоонд багтсан үйл явдал юм. Энэ үйл ажиллагааг тухайн үед МАН хамгийн ихээр эсэргүйцэж байсан ч өнөөдөр “Үнэ тогтворжуулах” хууль батлах хувилбарыг сонгоод байна.
Зах зээлийн эдийн засагтай манайх шиг улсад үнийг тогтоох хууль батласнаас “Үнэ шууд буурна” гэж иргэд ойлгож болохгүй. Үнийг тогтворжуулахын тулд бараа бүтээгдэхүүний тааз үнэ буюу дээд үнийг тогтоох. Ингэхдээ тухайн үйлдвэрлэгч болон импортлогч зардлаа ямар түвшинд байлгаснаар ашиг орлогоо хэвийн олж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхийг тооцох, мөн иргэдийн цалингийн доод хэмжээ ямар байснаар хэрэглээгээ хангаж чадахыг тооцох зэрэг олон тооцоолол хийсний дараа “Хууль батлана” гэж мэдэгдэх ёстой байсан гэдгийг хэлж байгаа юм.
Ардчилсан намын Засгийн газрын хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрийг шүүмжлэгч байр суурьтай байсан МАН дахин хэрэгжүүлж, хуульчлахаар болоод байна. Өмнөх хөтөлбөрийн хэрэгжилт төсөөлж байсан үр дүнд хүрээгүй . Тиймээс энэ удаагийн хууль ч мөн хэт өөдрөгөөр төсөөлж, АН-ын алдааг МАН давтах вий гэсэн айдас их байна.