Азид үнийн өсөлт эрчимжээд байна

Азид хүнс, эрчим хүчний үнэ өсөж байгаа энэ үед дэлхий дахин инфляцын “олон зэрэг дэгдэлт”-тэй нүүр тулж байна.
АНУ болон Европыг хамраад буй үнийн өсөлтийг Азийн орнууд тойрч гарна гэж үзэж байв. Хэдий тийм боловч БНХАУ, БНЭУ, Индонез, Филиппин, Тайланд, БНСУ зэрэг Азийн улс орнуудын инфляц шинжээчдийн таамаглаж байснаас өндөр дүнтэй гараад байна.

Шинэ Зеланд улс лхагва гарагт үнийн өсөлтөөс үүдэн бодлогын хүүгээ сүүлийн 22 жилийн хамгийн дээд дүнгээр өсгөжээ.

Харин хүн амынхаа тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог БНЭУ-д хүнсний болон эрчим хүчний хомсдол нүүрлэж байна.

БНХАУ-д үйлдвэрлэгчийн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар өслөө. Энэ нь медиан тооцооллоос давсан хэвээр байна.

Японы Төв банкны жишиг үзүүлэлт болох шинэ хүнсний бүтээгдэхүүнийг оруулахгүйгээр тооцон гаргадаг инфляц хоёрдугаар сард 0.6 хувьтай гарсан юм. Энэ нь эрчим хүчний зардлаас шалтгаалан сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр дүнд тооцогдож байна.

ОХУ Украины геополитикийн асуудал түүхий эдийн зах зээлд сөргөөр нөлөөлөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл эрчим хүч, түлшний үнэ өсөж, Азийн үр тарианы нийлүүлэлтэд эрсдэл учруулж байна. Мөн бордоо, тээврийн зардал нэмэгдэж байгаа нь хүнсний үнэд нөлөөлж байгаа аж.

Түүхий эдийн үнэ өссөн нь Азийн хөгжиж буй орнуудын инфляцыг энэ онд нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 3.7 хувьд хүргэхээр байгааг Азийн Хөгжлийн банк энэ сарын эхээр мэдээлж байв.

Манай улсад мөн инфляцийн түвшин хэт өсч 14%-ийг даваад байгаа. Хэдийгээр азийн орнуудад хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нийтээрээ өсөх хандлагатай байгаа ч дотооддоо үйлдвэрлэл эрхлэдэг, өргөн хэрэглээний бараагаа дотоосоо хангадаг улс орнууд Монгол улсын инфляцаас харьцангуй бага байгаа юм.