ӨДӨРТ 1000 ГАРУЙ ДАНСААР 2000 ОРЧИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ХОЛБООТОЙ ГҮЙЛГЭЭ ХИЙГДДЭГ БАЙСНЫГ ТОГТООСОН
Сүүлийн жилүүдэд залуучууд цахим мөрийтэй тоглоомд донтож хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө зарж үрэх, цаашлаад их хэмжээний өр, дарамтад орох тохиолдлууд нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Мөн энэ төрлийн гэмт хэрэгт өсвөр насныхан холбогдох нь ихэссэн байна.
Тодруулбал цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулагчид нь тоглогчдын гард байгаа хөзрийг мэдэж байдаг бөгөөд тоглолтын үр дүнг өөрсдийн хүссэнээр өөрчлөх боломжтой байдаг байна. Ингэхдээ залуучуудыг мөрийтэй тоглоомд оруулахын тулд эхлээд хожих боломжуудыг олгож их хэмжээгээр мөнгө оруулбал их ашиг олно гэсэн сэдлийг төрүүлэх тактик ашигладаг байна. Цахим мөрийтэй тоглоом, түүнээс үүдэлтэй гэмт хэрэгийн тохиолдол 2021 онд 94 хувиар өссөн байна. Харин энэ оны 1-р улирлын байдлаар цахим мөрийтэй тоглоомын 93 хэрэг бүртгэгджээ. Энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулсан 43 сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтууд байршуулан мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан 25 дансанд хязгаарлалт тогтоож их хэмжээний мөнгийг битүүмжилсэн байна.
Өдөрт дунджаар 1000 гаруй дансаар 2000 орчим мөрийтэй тоглоомтой холбоотой гүйлгээ хийгддэг байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, цаашлаад их хэмжээний өрөнд орж амиа хорлох оролдлого хийсэн ч хүн байгаа юм. Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг хийж байгаа талаар мэдээллээ. Тоглоом болон мөрий нь хуулиар шаардах эрхийг бий болгохгүй. Хэрэв мөрийтэй тоглоом тоглоод бусдад их хэмжээний мөнгөө алдсан, эсвэл эд хөрөнгөө алдсан тохиолдолд заавал тухайн эд хөрөнгийг өгөхгүй байсан ч болно гэсэн үг юм.
Мөрийтэй тоглоомд донтсон хүний сэтгэл санаа тогтворгүй, амар хялбар аргаар мөнгө олох хүсэлт автсан, алдсан мөнгө буцааж олхын тулд хэдэн цаг, хэдэн өдрөөр ч тоглоход бэлэн болсон байдаг байна.
Олон нийтийн газар эсвэл мэдээллийн технологи ашиглан шоо, хөзөр бусад эд зүйлээр мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол 450 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай байдаг. Мөн 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх болон зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, дээрх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг байна. Харин тоглосон иргэнд зөрчлийн тухай хуулинд зааснаар торгох шийтгэл ногдуулдаг байна.