УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНХУЯГИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАХААР БОЛЛОО
Өнөөдөр УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягыг яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэн. Энэ дагуу АТГ-д дууддагдаж, ялагдагчаар татах болсон үндэслэлтэй танилцлаа. Тэрээр өөрийгөө гэм буруугүй, эрх баригч намын зохиолын дагуу энэ үйл ажиллагаа болж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.
Энэ долоо хоногт Улсын ерөнхий прокуророос хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд нэр холбогдсон нэр бүхий гишүүдийн нэрийг УИХ-д оруулж ирэх магадлалтай байна. Тэдгээр гишүүдэд УИХ-ын гишүүн Норовын Алтанхуягийн нэр багтаж байгаа. Тэрээр яллагдагчаар татах болсон үндэслэлийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч хөгжлийн банкны асуудлаас болж дуудагдаж байгаа болов уу гэх таамаглал олон нийтийн дунд байна. Гэвч тэрээр “Намайг ерөнхий сайд байх үед хөгжлийн банкнаас хууль дүрмийн дагуу, хөгжлийн зээл гарсан” гэдгийг мэдэгдсэн юм.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг АТГ-д мэдүүлэг өгөөгүй. Яллагдагчаар татах үндэслэл бүхий 10 гаруй хуудас бичиг баримт ирсэн. Лхагва гарагт өмгөөлөгчийн хамт ирж бичиг баримттай бүрэн танилцана гэдгээ мэдэгдлээ. Өнөөгийн болж байгаа үйл явц нь сөрөг хүчнээс эрх баригч намын шийдвэр, үйл ажиллагааг хүчтэй шүүмжлэж байгаа гишүүнийг дуугүй болгох гэсэн МАН-ын бодлого гэдэг байр суурьтай байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн зэсийн овоолгын ашигыг 2 компанид бус 33%-ийг Орхон аймгийн иргэдэд олгох, 33%-ийг Орхон аймаг буюу Эрдэнэт хот, 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмшдэг болох ёстой гэсэн тогтоолын төслийн өргөн мэдүүлсэн. Энэ ч яллагдагчаар татахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэдээллийг өгсөн юм.
Тэрээр цаашид шалгалтын бүх үйл явцад өөрт байгаа баримтуудыг өгч, хууль хяналтын байгууллагад туслалцаа үзүүлнэ гэлээ. Бүрэн эрхээсээ түтгэлзэж шалгагдах асуудал нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас үл хамааран УИХ шийдвэрлэнэ. Энэхүү хэрэг цаашид хэрхэн шийдвэрлэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.