Сингапур: Өдөрт 15 минут ном уншаад урамшуулал авна
Сингапур улс иргэдээ өдөрт дор хаяж 15 минут ном уншихыг уриалсан үндэсний таван жилийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь цахим орчинд хэт автах үзэгдэлтэй тэмцэж, уншлагын соёлыг дэлгэрүүлэх зорилготой.
Үндэсний номын сангийн зөвлөлөөс эхлүүлсэн “ReadSG” аяны хүрээнд иргэд өдөр тутамдаа уншсан номоо бүртгэж, үүнийхээ төлөө урамшуулал авах боломжтой болжээ. Сонирхсон хүмүүс тус аяны цахим хуудсаар нэвтрэх юм уу гар утасны аппликейшнийг нь татаж суулгаад, уншлагаа өдөр бүр бүртгүүлнэ.
Урамшуулал цуглуулах дүрмийн тухайд 15 минут уншаад 20 виртуал зоос авна, харин 1000 зоос нь нэг сингапур доллартай тэнцэх аж.
Аяны албан ёсны цахим хуудсанд “Унших дадлыг суулгахад өдөрт ердөө 15 минут л хангалттай. Энэ бол метрогоор гурван буудал явах, автобус хүлээх, өглөөний кофегоо таашаах хэмжээний л хугацаа. Амьдралын жижиг мөчүүд том түүхийг бүтээдэг. 15 минутын уншлага таныг хаа хүргэхийг туршаад үзээрэй” гэжээ.
Хүмүүс урт бичвэр уншиж дадсанаар тэндээс олж авсан ур чадвараараа илүү ихийг бүтээх боломжтой гэдгийг Үндэсний номын сангийн зөвлөлийн тэргүүн Мелисса Там хэлжээ. Тэрбээр “Богино хэмжээтэй контентууд нь биднийг мэдээлэлтэй байх боломжоор хангадаг. Харин урт бичвэр унших нь анхаарал төвлөрөл, шүүмжлэлт сэтгэлгээ, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг. Эцсийн дүндээ бид улам бүр нарийн төвөгтэй болж буй дэлхий ертөнцийг залах сониуч, ухаалаг зантай, аливааг ялгаж салгах чадвартай иргэдтэй улс болохыг хүсч байна” гэжээ.
Энэхүү аяныг хүмүүст илүү сонирхолтой байлгах үүднээс “Би ямар төрлийн уншигч вэ?” гэдгээ сонгодог талбар гаргаж өгчээ. Үүнд уншигчийн дөрвөн төрлийг багтаасан байх ба тус бүрийг нь ази амттаны нэрээр төлөөлүүлсэн байна. Тухайлбал, “Kueh Lapis” гэх давхраатай амттангаар аливааг нарийн олж хардаг, гүн гүнзгий ухаж боддог уншигчийг төлөөлүүлжээ. “Kulfi” гэх энэтхэг маягийн зайрмагаар амьдралд тэмүүлэлтэй, шинэ зүйл хүсдэг уншигчийг төлөөлүүлсэн бол “Ang Ku Kueh” гэх улаан өнгийн бялуу маягийн амттанаар мөрөөдөмтгий, эрэл хайгуулч нэгнийг төлөөлүүлжээ. Эцэст нь “Tang Yuan” гэх цагаан будааны бөмбөлөг маягийн наалдамхай амттанаар даруухан, өөрийнхөөрөө уншигчийг илэрхийлсэн байна.



