Жолоодож сураагүй, дадлагажаагүй, дүрмийн мэдлэггүй хүүхдүүд цахилгаан дугуй унаж байна
Цахилгаан дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа залуучуудын тоо эрс нэмэгдсэн энэ үед аюулгүй байдлыг хангах нь маш чухал байна. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүд ихээр унаж байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм.
Цахилгаан дугуй буюу суррон, скүүтер зэргээр замын хөдөлгөөнд оролцож байгаа нь зам тээврийн осол гаргах эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Жишээ нь Суррон загварын цахилгаан дугуй л гэхэд төрөл дотроо асар хүчтэйдээ тооцогддог. Богино хугацаанд 45 км цаг хурдлах чадвартай. Тэгвэл энэ хэмжээний огцом хурдыг өсвөр насныхан зогсоох ур чадвар огт эзэмшээгүй. Нэг үгээр ханасан хэмжээнд жолоодож сураагүй, дадлагажаагүй, дүрмийн ямар ч мэдлэггүй гэсэн үг. Уулзвар гарц нэвтрэх, явган замаар зорчиход цахилгаан дугуйтай гарахдаа явган хүний зорчих стандарт мөрдөгдөх ёстойг анхааруулж байна.
Монгол улсад электрон мотоцикл буюу Суррон болон бусад цахилгаан дугуйг хэрхэн хэрэглэж, ямар ангилалд оруулах тухай өнөөг хүртэл ямар ч техникийн үзүүлэлт байхгүй. Үүнийг олон жилийн турш батлаж, журамлаагүй байна. Угтаа бол АТҮТ энэхүү техникийн үзүүлэлт дээр анхаарах ёстой. Зах замбараагүй орж ирдэг худалдаанд нээлттэй байгаа энэхүү цахилгаан дугуйнуудад стандарт тогтоож, замын хөдөлгөөнд хэрхэн оролцох тухай мэдээллийг ил тод мэдээлэх нь чухал байна. Хүүхэд залуучууд цахилгаан дугуйтай явган хүний замаар хурдтай зорчдог, замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрдөг, машин сүлжиж явдаг, хажуу эгнээгээр яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гарч ирдэг, замын голоор зорчдог, үргэлжилсэн цагаан шугам дагаж хурдалдаг зэрэг осол аюул үүсгэх шалтгаан болоод байна.
Угтаа бол цахилгаан дугуйг 16 наснаас доош насныхан хэрэглэх нь аюултай. Энэ дагуу 16 ба түүнээс дээш насныхан унах зөвлөмжийг цагдаагийн байгууллагаас өгч байгаа. Хэрвээ бага насны буюу 16-аас доош насны хүүхдээ цахилгаан тээврийн хэрэгслээр асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцуулсан бол эцэг эхэд хариуцлага хүлээлгэдэг. Зөрчлийн тухай хуулийн 14,7-ийн 54-т зааснаар эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж замын хөдөлөгөөний аюулгүй байдлын зөрчил гаргахад хүргэсэн бол хүнийг 50 мянган төгрөгөөр торгоно гэж заасан байдаг.