Г.ЗАДАНШАТАР ДАРГА ИРГЭДИЙН БҮСИЙГ ДАХИН ЧАНГАЛАХЫГ ХҮСЭВ

УИХ-ын дарга Занданшатар  “Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш, төсөв мөнгө хязгааргүй. Тиймээс нийт ард иргэдийг хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь иргэдийн бухимдалыг  үүсгээд байна. Учир нь  өрх бүр цар тахлын хоёр жилийн хугацаанд хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалсаар өдийг хүрэв. Улаанбаатар хотын гэр хорооллын дэлгүүрүүд  мах  грамллаж,  хүнсний ногоогоо ширхэглэж, талхаа таллаж худалдан авч байгаа энэ үед дахин хэмнэх ярих нь тохиромжгүй гэж иргэд үзэж байна.

Өмнөх болон одоогийн Засгийн газрын хэрэгжүүлсэн  алдаатай  бодлогын үр дүнгийн нөлөөгөөр өнөөдөр  иргэд ядуу, буурай амьдарч байна гэж эдийн засагчид харж байна. Учир нь 2020 болон 2021 оны УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлаар шатахуун , тог цахилгаан, усны үнийг хүчээр барьж байсан нь инфляцийн хөөрөгдөл, үнийн өсөлтийг тулгаж, төгрөгийн ханшийг унагасан. Гэтэл төр өөрсдийн буруутай бодлого, хийж хэрэгжүүлсэн ажлынхаа горыг ард түмэнд үүрүүлж, дахин хэмнэлтийн горимд шилжихийг үүрэгдэж байгаа нь ёс зүйд нийцэхгүй. Тиймээс иргэд аль хэдийн хэмнэлтийн горимд шилжчихсэн, харин одоо төр өөрөө хэмнэлтэл шилжих ёстойг санууллаа.