ТӨРИЙН ӨМЧИЙН 1000 МАШИН ЖИЛД 11 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРГАДАГ

Төр, засгийн байгууллагууд зардлаа хэмнэх үүднээс том оврын автомашинуудаа Улаанбаатар хот дотор унахгүй байх шийдвэрийг  засгийн газраас гаргасан. 2021 оны жилийн эцсийн байдлаар төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо 9879 байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Зөвхөн төрийн өмчийн 1000 машины зардалд   жилд  11 тэрбум төгрөг зарцуулж байна.  

Төрд данстай автомашины тоо 9879 байна.Үүний 1767 буюу 17.9% нь жижиг тэрэг, 1364 буюу  13.8% нь том оврын, 664 буюу 6.7% нь дунд оврын автомашин байна.Статистикаас харахад, төрд 98 Lexus, 152 Nissan Patrol, 906 Land Cruiser автомашин байгаа юм.Тэгвэл төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани болон төсөвт байгууллагууд, яам, агентлагуудын ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн талаарх судалгааг гаргасан. Улмаар энэ асуудлыг зохицуулсан журам, Засгийн газрын тогтоолын төсөл дээр ажиллаж байна. Судалгаанд ойролцоогоор 1000 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдсан. Эдгээр машинтай холбоотойгоор жилд 11 тэрбум төгрөгийн зардал гардаг нь тогтоогдсон. Зардлыг ангилж үзвэл, жолооч нарын цалинд жилд дөрвөн тэрбум төгрөг зарцуулж байна. Сэлбэг хэрэгсэлд нэг тэрбум, даатгал, татварт гурав орчим тэрбум төгрөг гарч байгаа гэх судалгаа гарсан. Энэ бол маш үрэлгэн зардал гэж  үзэж байна.

Төрийн өмчит компанийн гаргасан судалгаагаар нийт 10 орчим мянган тээврийн хэрэгсэл байна. Төрийн албанд, төсөвт байгууллагуудад хэрэглэгдэх автомашины стандартыг шинэчилнэ. Моторын багтаамж өндөртэй автомашиныг хэрэглэхгүй байх, байгальд ээлтэй цахилгаан, хайбрид автомашин авах, тэгэхдээ худалдан авалтыг төвлөрсөн зохион байгуулалттай хийж, бусад оронд хэрэгжүүлж буй сайн жишээнүүдийг хэрэгжүүлнэ.Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй энэ үед автомашин худалдаж авахгүй.

Энэ жил 200 гаруй том оврын автомашиныг  борлуулна.  Бололцоотой тээврийн хэрэгслийг дуудлага худалдаагаар борлуулаад мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлнэ. Мөн хууль хяналтын байгууллага болон хөдөө орон нутагт хэрэглэж болох автомашиныг шилжүүлэх зохицуулалт хийнэ. Автомашины тоо цөөрвөл жолоочийн тоо цөөрнө. Эхний ээлжиндээ бодитоор тав орчим тэрбум төгрөгийн хэмнэлт богино хугацаандаа гарах тооцоо гарсан байна.Ирэх долоо хоногт засгийн газрын хуралдаанаар эцэслэгдэнэ.