14-19 НАСНЫХАН ХУУРАМЧ ЭМЧИЙН БИЧИГ ХИЙЖ МАНСУУРУУЛАХ ЗОРИЛГООР ЭМ ХУДАЛДАН АВАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА

“Өсвөр насныхан эмийг зориулалтын бусаар хэрэглэснээс гар, хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол бүртгэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал эмийн санд зарагдах өвчин намдаах үйлчилгээтэй эмийг худалдан авч, хэмжээг нь хэтрүүлэн хэрэглэх болсон байна.

Жортой болон жоргүй олгодог эмүүдийг зориулалтын бусаар хэрэглэх, судсаа тарьснаас болж гар хуруунд нь үхжил үүсэх, амь насаа алдах тохиолдол бүртгэгдэх  болсон байна. Тодруулбал 14-19 насны хүүхдүүд эмийн сан бүрд зарагддаг тайвшруулах болон өвчин намдаах зориулалттай нэр бүхий эмийг худалдан авч, 5-с дээш олон ширхгээр хэрэглэж мансуурах болжээ. Энэ нь цаашлаад амь насаа алдах, сэтгэцийн өвчтэй болох, биеэ хянах чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдэх гэх мэт олон эрсдэлийн эхлэл болдог байна.

Тухайн нэр бүхий өвчин намдаах, тайвшруулах зориулалттай эм  найрлагадаа тодорхой хэмжээний мансуурлах бодис агуулсан байдаг байна. Тиймээс их хэмжээгээр хэрэглэвэл биеэ хянах чадваргүй болох, сэтгэцэд өөрчлөлт ордог байна. Эмийн санчдын хэлж байгаагаар 10 жилийн хүүхдүүд тухайн эмийг их хайж орж ирдэг, ээж аав явуулсан гэж худлаа хэлдэг, зарим тохиолдолд хуурамч эмчийн бичиг авчирч авах гэж оролддог гэдгийг хэллээ. Дийлэнх нь эрэгтэй хүүхдүүд байдаг байна. Энэ төрлийн эмийг долоо хоногт багадаа хоёроос гурван хүүхэд асууж орж ирдэг тухай хэлж байлаа. 

Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, ямар хүмүүстэй найзалж, нөхөрлөж байгаа болон мансуурах зорилгоор эм болон ахуйн хэрэглээний зүйлс хэрэглэж байгаа эсэхийг хянах, сэтгэхүй, биеэ авч явах байдал өөрчлөгдөх, халаас цүнхэнд нь эм тариа байгаа эсэх, гар болон биеийн аль нэг хэсэг тариур зүүний мөр, цэгэн зам байна уу гэдгийг сайтар ажиглаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.