Шүүгч Д.Доржсүрэн Н.Түвшинбаярын хэргийг шийдэхээс татгалзав

Даргалагч шүүгч шүүх хуралдаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан тул Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүдүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг дахин товлох бөгөөд шүүх бүрэлдэхүүнийг шинээр томилох аж.

Тус шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэг “Цахим сүлжээ болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шүүгчийн одоо ажиллаж буй болон урьд хашиж байсан албан тушаалтай холбогдуулан нөлөөлөх оролдлогыг удаа дараа гаргасан. Иймд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргэсэн. Зөвлөлөөс шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэн цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлээд байгаа. Гэхдээ Н.Түвшинбаярын талаас нөлөөлөх оролдлого хийсэн гэдэг ташаа мэдээлэл” гэлээ.

Цахим сүлжээнд “Х.Баттулгын томилсон шүүгч Н.Түвшинбаярыг шүүж байгаа юу”, “Н.Түвшинбаярт ял оноох шүүгч Д.Доржсүрэн ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй” гэх агуулгатай мэдээлэл цацагджээ.